Politics

 Өөрийн хүч ухаанаар хүссэн цолондоо хүрэхийг хүсдэг DNN.mn


Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат сумын заан Д.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.Тэрээр сумын заануудын хоёр үзүүр, их бага шөвөгт найман удаа шөвгөрсөн мөн сумын наадамд гурван удаа түрүүлж хоёр удаа үзүүрлэсэн амжилттай эрэмбэ өндөр сумын заан юм.

-Өргөөнд барилдаж байгаа өнөө цагийн сумын заануудыг өнгөлөн барилдаж байгаа сумын заантай уулзаж байгаадаа баяртай байна. Өөрийн тань удам судраас ярилцлагаа эхлэе.

-Манай удамд барилддаг цолтой бөх байгаагүй. Харин манай өвөө аав их бяртай том биетэй хүн байсан.Залуудаа цэргийн алба Дорнод аймагт хаасан гэж ярьдаг байлаа. Тухайн үед улсын наадамд цэргүүдийн улсын цолтой бөхчүүдийн аманд барилдуулдаг байсан гэдэг.Өвөө маань цэргийн алба хааж байхдаа улсын наадамд хоёр удаа хоёр давсан тухайгаа дурсдаг мөн малига бүргэд Бат-Очир арслангийн тухай дурсаж их яридаг. Өөрийнхөө барилдаж байгааг өвөөгөө л дууриасан юм болов уу гэж боддог.Манайх хөдөөний айл учир багаасаа л хурдан морь унаж үеийн хүүхдүүдтэйгээ дээлээ урагдтал барилдаж өссөн.

-Дээлээ урагдтал барилдаж өссөн хүү багаасаа л бөх болох мөрөөдөлтэй байв уу?

-Миний анх бөхөд илүүтэй дурлах болсон шалтгаан нь 2006 оны улсын наадмыг үзсэнээс болсон хэрэг л дээ. Учир нь тэр зун манайх Есөнзүйл сум руу оторт гарсан байсан юм.Тэр зун аав бид хоёр адуунд хамт явж байгаад айлд ортол улсын наадам зурагтаар нь гарч байсан. Аав ч наадам үзээд явъя гэлээ.Тэгтэл тэр жилийн наадамд манай нутгийн бөх Д.Сумъяабазар аварга түрүүлсэн юм. Үүнийг үзсэнээс л хойш л барилдах дуртай болж бөх болох хүсэл мөрөөдөлтэй болсон доо. Хонины бэлчээрт өөрийгөө “ Улсын заан Дамдиннямын Бат-Эрдэнээ” гэж дууддаг хүүхэд байлаа.Үеийн хүүхдүүдтэй барилдахдаа ч илүү барилдаанд адтай хүүхэд байсан. Уралдаан тэмцээнд орно ихэвчлэн түрүүлнэ. Шагналд нь дугуй булантай цай, хорь гучин мянган цаас өгнө. Шинэ хувцас өмсөөд л барилдахаа явна. Очиж барилдаад урчхаад л ирнэ. Мөн есөн сарын нэгэн болгонд хүүхдийн барилдаан болно. Тэнд барилдана голдуу түрүүлнэ. Нэг удаагийн есөн сарын барилдаан санаанаас огт гардаггүй юм.

No description available.

-Мартагддаггүй дурсамжтай барилдаанаа хуваалцвал?

-Би зургадугаар анги байсан юм. Хөдөөний хүүхэд болохоор аав ээж намар болж сургууль орохоор сумын төвд эгч бид хоёрт гэр бариж өгнө. Бид хоёр сургуульдаа явна. Харин тэр зургадугаар ангид ордог намар мөн л аав ээж хоёр эгч бид хоёрт есөн сарын нэгэнд гэр барьж өгөв. Гэрээ барилцаж байтал ээж “хоёр хүүхдэдээ данх авахаа мартчихаж” гээд л байлаа. Би ч барилдаандаа яараад яваад өгсөн юм. Очоод барилдтал наймдугаар ангийн хүүхдүүдтэй бид нарыг барилдуулсан. Үзүүр түрүүнд наймдугаар ангийн нэг ахтай үлдээд унаж яваад хутгаад давж байлаа. Хамгийн сонирхолтой нь түрүүлсэн хүүхдэд “ данх, бэлтгэлийн хувцас” өгч байлаа. Ээжийг данхаа авч амжаагүй байхад түрүүлсэн байныхаа данхыг аваад гэртээ очиж байсан.

-Үүнээс өөр олон амжилтыг үзүүлж байв уу?

-Хүүхэд байхдаа Өвөрхангай аймгийнхаа өсвөрийн аваргад гурван удаа түрүүлсэн. Мөн чөлөөтийн улсын аваргаар гурав түрүүлж байсан. Миний анхны багш манай сумын Наранчулуун багш. Намайг есдүгээр анги төгсдөг жил “Аварга” дээд сургуулийн лицейгээс урилга ирж байсан. Урилгын дагуу лицей сургуульдаа ирж суралцсан. Намайг гардаж багшилсан багш гэвэл лицей сургуулийн Ч.Нямдорж багш маань одоо ч хүртэл багшаасаа барилдааныхаа хувьд заавар зөвлөгөөг нь аваад явдаг. Би лицейд сурч байх хугацаандаа ч мөн үндэсний бөх болон чөлөөт бөхийн тэмцээнүүдэд амжилттай оролцдог байсан. 2013 онд Азийн аваргат орж байсан. Тухайн үед алт авсан хүүхдүүд нь чөлөөт бөхөөрөө ороод мөнгө авсан хүүхдүүд нь сонгомол гээд бөхийн төрлөөр орж байсан.Тухайн үед хоёр хожоод Киргиз залууд хожигдож байсан. Нөгөө залуу маань алт аваад би дагаж барилдаад Энэтхэгийг ялаад хүрэл медалийн төлөөх барилдаан дээр Иран бөхөд хожигдож байсан. Намайг анх Нямдорж багш чөлөөтөөр бөхөөр сууриа тавиулж байлаа. Бие жижигтэй учир биеийн маань онцлогт тааруулсан байх. Хөл авах зэрэг гол техникүүдийг зааж байсан. Харин лицей сургуулиа төгсөх жил Аварга дээд сургуулиас ахин урилга ирээд сургуульдаа үргэлжлүүлж чөлөөт бөхийн ангийг төгссөн. Багш нарынхаа зөвлөсний дагуу жин масс багатай болохоор өөрийнхөө барилдаанд тохирсон уян хатан, чөлөөт бөхийн бэлтгэлийг илүүтэй хийдэг.

No description available.

-Бөх хүн их спортоор сууриа тавих аль эсвэл үндэсний бөхөөр сууриа тавих хоёрын ялгаа нь юу байдаг юм бол. Таны барилдааны онцлог гэвэл?

-Миний бодлоор их спортоор сууриа тавьсан нь илүү зөв санагддаг л даа. Учир нь тэсрэлт, Тэвчээр гээд л үндэсний бөхөөс өөр л дөө. Чөлөөт бөх бол байнга ажиллагаатай хурдтай тэвчээртэй уян хатан чанартай болгоно. Би өөрийнхөө жишээн дээр ярихад би анх баруун хутгадаг л хүүхэд байсан. Нямаа багш надад баруун наахыг зааж өгсөн. Намар бэлтгэлд орохоос авахуулаад хавар дөрөв сар хүртэл зааж өгсөн. Дараа нь хонгодоод заасан багш надад “чи баруун талдаа хөл авдаг юм чинь энэ талаасаа хонгодохыг давт” гэсэн. Багшийн хэлсэн мэхнүүдийг давтаж эхэлсэн.Наадмын бэлтгэл дээр багштайгаа хамт гарна. Өдөрт багш өөрөө тоолоод л яг 500 хонгодоод давтуулна. Өөр юу ч хийлгэхгүй.Тоогоо гүйцээчихээд ороод ир гэнэ. Долоо хоног хэрээтэй хугацаанд өдөрт 500 удаа давтаж байж хонгодоод сурч байлаа. Давтуулж байгаа хүүхэд маань ташаа толгой нь халцраад шуудаг нь урагдаад ирдэг. Мэдээж мэх давтахдаа их спорт суурьтай уян хатан чанар сайтай хүүхдээр давтуулна л даа. Багш маань тэгж залгаас мэхнүүдийг заадаг байсан. Одоо ч барилдахдаа барьцаа аваад л ирэхээр өөрийн мэдэлгүй хонгодчихсон байдаг. Хөл авна, баруун хонгодно,хутгана, наана, хөмөрнө,ер нь баруун талтай задгайгаас барахгүй бол баруун талаараа үзнэ.

-Сумын заануудын барилдааны амжилт арвин их залуу бөх бол та. Хэзээнээс эхлэж тухайн барилдаанд барилдах болов?

-Би 2014 оноос зодог шуудаг өмсөж барилдах болсон. Тэр хавар манай аймгийн Баян-Өндөр суманд тойргийн сумын цол олгох барилдаан болсон юм. Тухайн барилдаанд түрүүлж тойргийн сумын заан болсон. Тэр зунаа мөн сумандаа түрүүлж сумын заан цолоо хүртэж байсан. 2018 онд мөн ахин сумынхаа наадамд түрүүлсэн. Түүний дараа 2020 онд Хэнтий аймгийн Норовлин суманд хадмынхаа нутагт ахин түрүүлсэн.Нийт сумын наадамд гурав түрүүлж хоёр үзүүрлэсэн. Сумын заануудын барилдаанд 2018 онд 11 сард анх удаа үзүүрлэсэн. Ингэж үзүүрлэхдээ өнөө жилийн цагаан сарын барилдааны түрүү бөх М. Мөнхжаргалыг зүүн талд нь хонгодоод давж үзүүрт шалгарч байлаа. Үүний дараа нь 12 сард мөн л үзүүрлэсэн түүнээс хойш шөвгөрч эхэлсэн дээ. Сумын заан байхдаа одоогийн цэргийн начин Т.Батсүрэнтэй гурав барилдаж гурав давж байлаа. Их шөвөгт дөрвөн удаа . Шөвгийн тавд дөрөв үлдсэн нэг удаа тав давж шөвгөрч байсан. Сумын заануудын барилдаанд нийтдээ хоёр үзүүрлэж долоо найман шөвөгтэй учир үеийнхээсээ эрэмбэ дээгүүр байдаг. Тийм учраас эрэмбээрээ тавын даваанаас дээш дандаа л ам авч байна даа.Сүүлийн үед ам авахад ер нь чанга ам авъя гэж боддог болоод байгаа. Анх шөвгөрч эхэлж байхдаа аль болох зөөлөн ам авахыг боддог байсан. Одоо бол сайн ам аваад барилдъя гэж боддог болоод байгаа. Одоо үеийн чанга өрсөлдөгч гэвэл Өмнөговийн Б.Бат-Эрдэнэ Хэнтийн Д.Цэрэнням доороос гэвэл Архангайн С.Сүхбат Сумъяабазар, Увсын М.Өсөхбаяр байна.өрсөлдөгчид бүхэн хүчтэй байна. Ямар ч бөх уная гэж дэвжээн дээр гарч ирэхгүй шүү дээ. Хэн бэлтгэл сайн хийнэ тэр л дээшээ барилдана шүү дээ. Намайг сэтгэл зүй талаас хамгийн их дэмждэг хүн бол манай нутгийн ах сумын заан Н.Бат-эрдэнэ гэж ах байдаг. Намайг дэвжээн дээр гарахад үргэлж ирлэж хурцалж байдаг даа.

No description available.

-Аймгийнхаа наадамд хэдэн удаа зодоглосон бэ?

-Аймгийн наадамд анх 2014 онд сумын заан болчхоод очиж барилдаад гурав давж байсан.2019 оны наадамд дөрөв давсан. Тавын даваанд Баянголын Батдорж арсланд өвдөг шороодсон. 2017,2018 онд дандаа дөрөв дээр унасан. Ер нь үндэсний бөхөөр хичээллэх залуу бөхөөс зориг тэвчээр мөн золиос ч их шаарддаг. Бэртэл гэмтэл гээд бишгүй бэрхшээл байдаг л даа. Би өөрийн хүч чадал, ухаанаар хүссэн цолоо авахыг хүсдэг. Хүн ямар ч цолтой байсан түүндээ дүүрэн байх хамгийн сайхан. Одоо бэлтгэл сургуулилтаа Одооны дэвжээний багш улсын арслан Д.Ганхуяг байна. Баллуу багш, хамаатны Жамсран арслан зэрэг хүмүүс дээр хийж байна .

-Залуу бөхийн хувьд өнөөгийн монгол бөхийн хөгжлийн талаар ямар бодолтой явдаг вэ?

-Өнөөгийн бөхийн хөгжлийн талаар санал нийлж байгаа зүйл ч байна. Мөн санаа бодлоо хэлчихмээр ч зүйл байдаг л даа. Барьц сонгоог халсан нь хамгийн зөв шийдэл. Харин зодог шуудагны стандартын асуудал дээр зарим нь хатуулаг оёулчихсан зарим нь брезент энэ тэр оёулчихсан байдаг. Ийм зодог шуудаг өмссөн бөхтэй барилдахаар бариж болохгүй хумс хугарах зэрэг асуудал их байдаг. Үүнийг сайн шалгаж байх хэрэгтэй. Мөн аймгуудын наадмыг нээлттэй барилдуулах тал дээр анхаараасай. Амжилтын төлөө явж байгаа залуу бөхчүүдээ бас ойлгож боломжийн нээж өгөх хэрэгтэй. Авьяас хөдөлмөрөөрөө л авах ёстой цолоо авах нь хамгийн зөв. Үүн дээр бөхийн холбоошийдвэр гаргах хэрэгтэй гэж боддог.

Нөгөө талаараа допин хэрэглээд барилдаж байгаа бөхчүүдийг харахаар жаахан шантармаар урам хугармаар санагддаг. Учир нь би өөрөө элдэв зүйлээс татгалздаг учир цэвэр өрсөлдөөнийг хүсдэг. Допин бол нэг талаараа залуу бөхчүүд бид нарын зоригийг мохоож байна сэтгэлзүйд ч мөн нөлөөлж байна. Эдгээр зүйлс дээр санаа залуу бөхийн хувьд санаа илүүтэй зовниж явдаг.

No description available.





Source link

Leave a Reply

Your email address will not be published.