Politics

УИХ-ын гишүүд: Дэд сайдууд, зөвлөхүүдийг цомхотгоё!


Засгийн газар өнөөдөр төсөвт тодотгол хийх асуудлаар хуралдаж буй. Энэ долоо хоногийн МАН-ын бүлгийн хурлаар гишүүд төсөвт тодотгол хийх асуудлыг дэмжсэн. Дээрх асуудлаар УИХ-ын гишүүдийн байр суурийг хүргэж байна.


УИХ-ын гишүүн Б.ЭНХ-АМГАЛАН:

-Засгийн газраас төсөвт тодотгол хийх буюу шаардлагагүй хөрөнгө оруулалтыг царцааж, хүн амынхаа хоол хүнс өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэхгүй байх тал дээр анхаарч, төсвийн таналт хийе гэдэг асуудал яригдаж байна. Нийтдээ 200 тэрбумын асуудал яригдаж байна. Тэгэхээр төсөв нэлээд танагдана гэсэн үг.

УИХ-ын гишүүн Т.ДОРЖХАНД:

-Төсвийг тэлэх биш хэмнэлтэй бодлого явуулах ёстой. Бид 2.4 их наядын төсвийн алдагдалтай. Үүнийг балансжуул гэж байгаа юм. Төсвийг алдагдалгүй батлаад тодотголоо оруулаад ирэх хэрэгтэй. Ингэж байж бодит өөрчлөлт болно.

Жишээ нь, Монгол Улсын Ерөнхийлөгчийг Их тэнгэрт нь  түгжиж, тэнд нь ажлыг хийлгэдэг байя. Засгийн газар нь хотоосоо гарч, УИХ нь төрийн ордонд байя.

Үнэтэй байшингаа бүгдийг нь зарчих. Хэмнэлтийг дээрээсээ эхэлж олон зөвлөхүүдээ хязгаарлая. Дэд сайдуудыг цомхтгох хэрэгтэй. Магадгүй бага зардалтай юм шиг боловч хандлагын том өөрчлөлт шүү дээ. Урсгал зардлыг тана, үр ашиггүй байгаа төрийн өмчит компаниудыг татан буулгах ёстой.  Зоримог ажил хийж байж үр дүн гарна.

УИХ-ын гишүүн Ж.МӨНХБАТ:

-МАН-ын бүлгийн хурлаар төсвийн тодотголыг ярьсан. Олон гишүүн төсвийн тодотгол хийхийг дэмжсэн. Гэхдээ УИХ-ын гишүүдэд тойрогтоо шийдэх асуудал байгаа. Тойргоо услах мөнгө хэмээн шүүмжлээд байдгийг буруу гэж боддог. Өөрөөр хэлбэл тойрог буюу сум дүүрэгт хүмүүс амьдарч байгаа. Тэнд эмнэлэг, сургууль, боловсролын орчин, соёлын төвийг бүгдийг нь сайжруулах шаардлага бий. Төсвийн тодотгол хийхийг МАН-ын бүлгээр дэмжсэн ч муу хэлэгддэг гишүүдийн тойрогтоо бүтээн байгуулалт хийх дөрвөн тэрбумыг танах байр суурийг гишүүд илэрхийлсэн. Гишүүдийн мөнгө гэж юу байх вэ дээ. Гишүүд тойрогтоо сургууль, цэцэрлэг, зам тавьж байгаа. Ирэх долоо хоногт МАН-ын бүлэгт дээрх асуудлыг ярих байх. УИХ-аар ирэх долоо хоногт энэ асуудал яригдана. Зайлшгүй шаардлагатай хөрөнгө оруулалтын төсвийг танаад ирэх жил рүү тавьбал их хэмжээний хэмнэх боломж гарч ирнэ.

Төсвийн байнгын хорооны дарга Ч.ХҮРЭЛБААТАР:

-2022 онд эдийн засагт тулгамдаж буй гол асуудал бол үнийн өсөлт. 2021 онд 2022 оны төсвийг ярьж байхад УИХ дээр гишүүд дээрх асуудлыг хөндөж ярьсан. Бид энэ онд нөхцөл байдлаа бодитой дүгнэх ёстой. Урд хөршид цар тахлын халдвар нэмэгдэж байгаатай холбогдуулан хил дээрх нөхцөл байдал сайжрахгүй байна. Мөн Украинд болж буй асуудлаас үүдэн гадаад худалдааны хүндрэл бэрхшээл тодорхой хугацаанд үргэлжлэх төлөв харагдаж байна. Тэгэхээр 2022 онд нөхцөл байдал сайжирна гэсэн хүлээлтийг өөрчилж байна. Тиймээс залуусын жагсаалд гол яригдаж байсан асуудал нь үнийн өсөлт байсан. Үүнтэй холбоотой төсөвт тодотгол хийхийг бүлэг дэмжсэн. Төсөвт тодотгол хийж буй шалтгаан нь ам.доллар, төгрөгийн ханш дээр ирж буй дарамтыг бууруулах ёстой. Их хэмжээний эрэлт бий болговол хоёр төрлийн бэрхшээлийг эдийн засагт бий болгоно.

“Болор дуран”-аар шалгав.





Source link

Leave a Reply

Your email address will not be published.