Politics

Стандарттай хот аюулгүй | News.MN


Улаанбаатар хот тун удахгүй өөрийн гэсэн стандарттай болно. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд хот стандарттай байх бөгөөд Хотын стандартыг НИТХ-аар батлахаар тусгасан юм. Хуулийн дагуу  Нийслэлийн Засаг даргын захирамжаар Хотын стандартыг боловсруулж, батлуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. 2020-2021 онд 22 бүлгийн 97 баримт бичгийг боловсруулсан бөгөөд эдгээрийг Ажлын хэсэг хэлэлцэж, 10 бүлгийн 41 төрлийн стандартыг эхний ээлжид НИТХ-аар батлуулахад бэлэн болжээ. Хотын стандартын төслийг өнгөрсөн долоо хоногт хуралдсан Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн дэмжиж, НИТХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн.

Манай улс урьд нь Хотын стандарт боловсруулсан туршлагагүй. Гэсэн хэдий ч Олон улсын гэрээ, конвенц, Монгол Улсын 296 хууль тогтоомж, бодлогын 46 баримт бичиг, олон улсын 122 стандарт, үндэсний 759 стандарт, барилгын 421 норм ба дүрэм, эрдэм шинжилгээний 578 бүтээлийг судлан ХОТЫН СТАНДАРТ-ын төслийг боловсруулаад байна. Түүнчлэн стандартын баримт бичгийн төсөлд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 27 агентлаг, 321 харьяа газар, мэргэжлийн байгууллага болон иргэд, олон нийтээс санал авч, тусгажээ.

Хотын стандартын эхний 10 бүлэгт Хот төлөвлөлт, хот байгуулалт, Ногоон байгууламж, “Иж бүрэн гудамж”, Нийгмийн дэд бүтэц, Чанарын дэд бүтэц, Худалдаа, үйлчилгээний газрын гадна орчин, Нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, Зорчигч тээврийн үйлчилгээ, Хог хаягдлын менежмент, Гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл  гэсэн бүлгүүд багтжээ. Нийгмийн дэд бүтэц бүлэгт л гэхэд Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын гадна орчны ерөнхий шаардлага, Ерөнхий боловсролын сургуулийн гадна орчинд тавигдах ерөнхий шаардлага, Эрүүл мэндийн байгууллагын гадна орчны ерөнхий шаардлага, Төрийн байгууллагын гадна орны ерөнхий шаардлага зэргийг нэг бүрчлэн зааж  багтаасан байх жишээтэй. Нийт сургууль, цэцэрлэгийн 70 орчим хувьд гадна орчны шаардлага хангуулснаар сургуулийн насны 238 мянга, цэцэрлэгийн насны 102.5 мянга буюу нийт 340.5 мянган хүүхдэд эрүүл орчинд, ая тухтай суралцах орчин бүрдэнэ гэж тооцоолжээ.

 

 

Эндээс стандарт хэнд хэрэгтэй болох нь харагдаж буй биз ээ. Стандартыг дагаж мөрдүүлнэ гэхээр хийж бүтээж буй хүмүүсийг, аж ахуй эрхлэгчдийг  хянаж шалгаж, торгож чирэгдүүлэх шалтгаан мэтээр төсөөлөх нь бий. Тэгвэл Хотын стандарт батлагдсанаар Улаанбаатар хотод хийж, хэрэгжүүлж буй ажил, үйлчилгээ ямар хэм хэмжээтэй байх нь тодорхой болохын дээр стандартад нийцсэн бүтээн байгуулалтын өгөөж нь нийслэлчүүдэд, эгэл иргэдэд тусах юм.

 

Стандартын хэм хэмжээ, үр өгөөжийг мэдэрсэн иргэд эргээд стандартын биелэлтийг хянадаг байх тогтолцоог бүрдүүлэхээр тооцжээ. Байнга зорчдог зам харгуй, амьдарч буй байр орон сууц, нийтийн эзэмшлийн байгууламжууд стандартад нийцэж буй эсэхийг хэрэглэгч та л бүхнээс илүү мэдэрнэ. Танд хамаатай бүхнийг стандартад нийцүүлсэн эсэхийг хянахын тулд стандартын талаарх мэдлэг, мэдээлэлтэй байхын чухлыг мэргэжилтнүүд сануулж байна.  Хэрэглэгчид  гомдол мэдүүлээгүй тохиолдолд тухайн бүтээн байгуулалт стандартад нийцсэн гэж ойлгож болох бөгөөд хэн ч гомдоллоогүй тохиолдолд хянаж, шалгах шаардлагагүй гэсэн зарчим цаашид үйлчлэх юм. Тиймээс Хотын стандартыг  үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид дагаж мөрдөхийн сацуу хэрэглэгчид хамгаас ихээр мэдэж байх учиртай.

 

 

Шинээр боловсруулсан Хотын стандартад Хотын соёл, Иж бүрэн гудамж, Дуу чимээний бохирдол, Хог хаягдлын менежмент, Амины орон сууц  гэхчлэн шинэлэг бүлгүүдийг багтааж өгчээ. Хог хаягдлын менежмент л гэхэд Хог хаягдлын тухай хуулиар зохицуулж ирснээс бие даасан стандарт байгаагүй юм.

Монгол Улсын хэмжээнд 7008 стандарт мөрдөгдөж байна. Үүнээс 1433  нь 1990 оноос өмнө, 679 нь 1990-1999 оны хооронд, 2118  нь 2000-2009 онд, 2777 нь 2010 оноос хойш баталсан стандарт юм. Эндээс стандарт хэт олон байна уу гэсэн асуулт ургадаг ч стандарт олон байх тусмаа сайн байдаг аж. Манай улсын олонх стандартууд чанарын анхан шатны түвшинг хангахуйцаар боловсруулагдсан байдаг. Гэтэл нийгэм, эдийн засаг, ард иргэдийн хэрэгцээ  шаардлагаар зарим бүтээгдэхүүн,  үйлчилгээ, бүтээн байгуулалтад ахисан түвшний стандартын шаардлага тавих нь бий. Хотын стандарт бол энэ шаардлагыг хангасан, нийслэлийн хүн ам, нийгэм, эдийн засгийн  хэрэгцээ, шаардлагыг хангах, иргэдийн эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор боловсруулсан стандарт юм. Стандарт нь хэрэглэгчдэд чанартай, аюулгүй бүтээгдэхүүн, үйлчилгээний сонголт хийх үүд хаалгыг нээж, өрсөлдөөн өрнүүлж, инновацыг дэмжихэд тусалдаг. Стандарттай хот аюулгүй.

 

“Болор дуран”-аар шалгав.





Source link

Leave a Reply

Your email address will not be published.