Politics

“Репиний академийн шадар-3”-ын нэг нэрт зураач, судлаач, багш Б.Пүрэвсүх


Б.Пүрэвсүх нь 1970-1980-аад онд Монголын дүрслэх урлаг дотоод, гадаадад мэргэжил эзэмшсэн авьяаслаг залуусаар эгнээгээ тэлсэн нь тухайн үеийн урлагийн хөгжилд чухал хувь нэмэр оруулсан төдийгүй, оргилуун эрч хүч, зоригтой туршилт, эрэл хайгуулаараа уран сайхны ертөнцөд шинэ уур амьсгал оруулж, өвөрмөц нэгэн үеийг эхлүүлсэн билээ. Тэд дэлхийн сонгодог өв сангаас суралцаж мэдсэнээ үндэсний урлагтай хослуулан өргөн хүрээтэй сэдэв агуулгаар бүтээн туурвиж, эх орондоо төдийгүй хилийн чанадын уралдаан, үзэсгэлэнгүүдэд идэвхтэй оролцож байлаа.

Уран зураг, зураасан зураг, уран баримал, монументаль урлаг гээд тус тусын эзэмшсэн мэргэжлээрээ багшлахын зэрэгцээ зураач урчуудын мэдлэг боловсрол, ур чадварыг дээшлүүлэхэд анхаарал тавьж, идэвх санаачлагатай ажиллаж байсан тэдний нэг төлөөлөл бол зураач Батцэндийн Пүрэвсүх (1947-1991) юм.

“Өвөлжөөнд” зураач Б.Пүрэвсүх

Тэрээр 1964-1968 онд Хөгжим бүжгийн дунд сургуулийн уран зургийн анги, 1971-1977 онд Ленинград хотын И.Е.Репиний нэрэмжит уран зураг, уран баримал, уран барилгын дээд сургууль (одоо Санкт-Петербург хотын Урлагийн Академи)-ийн уран зургийн ангид тус тус суралцаж дүүргэжээ. Оюутан цагаасаа л түүхийн хичээлийг шимтэн сонсож, улмаар өвөг дээдсийнхээ түүхийг судлахад ихээхэн анхаарал хандуулж, ном судар уншиж, баримт цуглуулах болсон байна. Сургуулиа төгсөөд эх орны даалгавраар Дүрслэх урлагийн дунд сургуульд багшаар ажиллаж, дүрслэх урлагийн мэргэжлийн хичээлүүдээс гадна урлагийн түүх зааж байв.

“Босогчид” 1977 оны дипломны ажил. 190х200 тосон будаг

Б.Пүрэвсүх хаа ч явсан бяцхан дэвтэр дээр таталбар хийж, тэмдэглэл хөтлөж байдаг нь бусаддаа үлгэр болно, тун ч даруу, аядуу дөлгөөн, маш хөдөлмөрч, үргэлж уншиж, боловсорч байдаг хүн байлаа хэмээн үеийн нөхөд нь бахархан дурсдаг.

Багшлах хугацаандаа түүхийн сэдэвтэй олон бүтээл туурвисан нь үзэгч олны талархал хүлээж, томоохон уралдаант үзэсгэлэнгүүдийн тэргүүн байруудад шалгарч байлаа. Тухайлбал, Ардын хувьсгалын 60 жилийн түүхэн их ойд зориулсан уран бүтээлийн уралдаанд дэд байранд шалгарсан “Талын баатрууд” зураг 1921 онд тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсэн эрэлхэг зоригт монгол эрчүүдийн тухай өгүүлдэг.

Өөрийн хөрөг. 1976 он

Тэд тоо болоод зэр зэвсгийн хувьд илт давуу дайсны эсрэг хурдан хүлгээ зоригжуулан уухайлсаар зохиомжийн талбар руу довтлон орж ирэхэд морьдын туурай газар бөмбөрдөж, тоос шороо хуйлран босч, тачир шар өвснүүд доргин чичирч буйг харж болно. Энд хөдөлгөөнгүй дүрс нэгээхэн ч үгүй. Монгол эрчүүдийн моринд гарамгай, эрэмгий дайчин шинж чанар, морьдын хурд, хүч, хөдөлгөөнийг гайхалтай бодитой дүрслэхдээ өнгийг оновчтой сонгож, үйл явдлын өрнөлийг төгс шийдсэн “Талын баатрууд” зургаараа 1981 онд МУЭ-ийн нэрэмжит шагнал хүртсэн билээ.

Б.Пүрэвсүхийн “Уралдаан” (1978), “Шинэ цагийн босгон дээр” (1978), “Жаргалтайн дэлгэр” (1979), “Тэмцлийн замд” (1983), “Эрдэмтэн Мянгат” (1984) гээд реалист хэв маягаар бүтээсэн түүх, аж байдал, байгаль, хөрөг зэрэг олон зургууд нь эх орон, ард түмнээрээ бахархсан, үндэсний соёл, ёс заншлаа дээдэлсэн, шинжлэх ухаан, танин мэдэхүйн болон хүмүүжлийн өндөр ач холбогдолтой байдгаараа онцлог.

“Шинэ цагийн босгон дээр” 1981 он.

Бүтээлийн зохиомжийн шийдэл, өнгийн найрамж, бичилт, гүйцэтгэл нь тосон ба усан будгаар зурж, бүтээх арга ажиллагааг өндөр түвшинд эзэмшсэнийг батлан харуулж байлаа.
Тэрээр дэлхийн сонгодог урлагийн түүхээс, нэн ялангуяа алдар суут зураачдын бүтээл туурвилыг үзэгч, уншигчиддаа танилцуулж, соён гэгээрүүлэх үйлст дорвитой хувь нэмэр оруулж байсныг “Дүрслэх урлаг” сэтгүүлүүдэд хэвлэгдсэн өгүүллүүд (“Уран зураг бүтээлч хандлага”, “Фламандын урлаг”, “Рерих”, “Ян Матейко”, “Инжинааш зураач байсан нь”, “Ах дүү Ткачёв”, ) нь гэрчилнэ.

“Нутагтаа” тосон будаг судалбар.

Б.Пүрэвсүх зураачийг 1985 онд”Мандухай цэцэн хатан” хэмээх түүхэн сэдэвт дөрвөн ангит томоохон киноны ерөнхий зураачаар томилсон нь Монголын түүх, угсаатны зүйн өргөн хүрээтэй, гүн мэдлэгтэй байсныг үнэлсэн хэрэг юм. Энэ тухай Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Ц.Байды, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн нар “Нэвтэрхий толь мэт мэдлэгтэй зураач” гэж дүгнэсэн байдаг. Үнэхээр ч түүний тал бүрийн мэдлэг, хувийн цуглуулга дахь ховор нандин гэрэл зураг, ном зохиолууд киног бүтээх чухал эх сурвалж болсныг сүрлэг тансаг орд харш, эд хогшил, ихэс дээдэс, цэрэг дайчид, харц ардын хувцас гээд кинонд зориулсан олон эх загвар харуулна.

1977 он. Репиний академи төгсөлтийн дипломны ажлын өмнө

Энэ бүхнийг түүх, соёлын үнэт дурсгалын баримт дээр тулгуурлан, гайхамшигтай өнгө зохируулж зурсан хийгээд тэдгээрийг арьс үс, шир, сур, мод, металл, өнгө бүрийн торго дурдан зэрэг бодит хэрэглэдэхүүнд буулгаж, уран нарийн бүтээлгэснээр 1989 онд “Мандхай цэцэн хатан” киногоороо Монгол Улсын Төрийн шагнал хүртсэн билээ.

Б.Пүрэвсүх нь 1989-1991 онд дараагийн том захиалга болох “Мөнх тэнгэрийн хүчин дор” гурван ангит киноны ерөнхий зураачаар ажиллаж байгаад хүнд өвчний улмаас таалал төгссөн юм. Энэ хоёр том бүтээл бол зураачийн нухацтай судалгаа, хичээл зүтгэл, дундрашгүй авьяас билгэ, нөр их хөдөлмөрийн үр дүн болохыг түүний үлдээсэн олон зуун эх загвар зургууд, таталбар, судалбар, бичиглэл тэмдэглэгээ гэрчлэх бөлгөө.

Үүний нэг тод жишээ бол Өгөдэй хааны “Түмэн амгалан ордон”-ы цогцолбор дахь хосгүй бүтээл болох “Мөнгөн мод”-ны тухай уран зураг юм. Парисаас ирсэн Вильгельм Бушегийн зураг төслөөр таван тансаг ундаагаар зочдыг ундаалах “Мөнгөн мод” (1254) хэмээх гайхамшигт төхөөрөмжийг газар газрын шилдэг 50 дархчуул цэвэр мөнгөөр урласныг Гильом де Рубрукийн тэмдэглэлд дэлгэрэнгүй дурдсан бий.

Судалбар. 1976 он

Тэрхүү модны байрлалыг гадаадын судлаачид ордны гадаа гудамжинд байснаар зурж үлдээсэн ч Б.Пүрэвсүх эх сурвалжуудыг нарийвчлан судалж, хааны ордны хүлээн авалтын танхимд байсан хэмээн таамаглал дэвшүүлж, улмаар уран зургаар харуулсныг олон эрдэмтэн мэргэд үнэнд нийцсэн хэмээн хүлээн зөвшөөрсөн билээ. Ийнхүү киноны эх загвар хийх явцад төрсөн нэгэн уран зураг эдүгээ түүхийн чухал баримт болжээ. Түүнчлэн Тэмүүжинг Чингис хаанд өргөмжилсөн үйл явдлыг олон цуврал тосон будгийн зургаар иж бүрэн гүйцэтгэж үзүүлсэн нь асар чухал судалгааны ажилд тооцогддог. Хэдийгээр өөрөө “Мөнх тэнгэрийн хүчин дор” (1992) киногоо үзэж амжаагүй ч Эзэнт гүрнийхээ түүхийг үнэн мөнөөр сэргээхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан юм.

Зураач Б.Пүрэвсүхийн уран сангийн тосон будаг, усан будгийн зураг, тайз дэлгэцийн 1000 орчим бүтээлүүдүүд Уран зургийн галерей, Армийн музей, Үндэсний түүхийн музей, “Цагаандарь” арт галерей, “Түмэн эх” чуулга, аймгуудын орон нутгийн музейнүүд болон үр хүүхдүүд, урлаг сонирхогчдын хувийн цуглуулгад хадгалагдаж байна.

“Инжинаашийн хөрөг”

Түүний хараахан дуусгаж амжаагүй бүтээлүүдийг хань ижил, үр хүүхдүүд нь эмхлэн цэгцэлж, хайрлан хамгаалж, олны хүртээл болгохыг эрхэмлэдэг. Тэд бүгдээрээ урлагийн мэргэжил эзэмшиж, Монголынхоо соёлын салбарт хүчин зүтгэж яваа авьяаслаг гэр бүл юм. Б.Пүрэвсүхийн халамжит хань, Монгол улсын хуучир хөгжмийн нэрийн хуудас болсон Д.Бодьсүрэн (1950-2017) нь Хөгжим бүжгийн сургуульд 42 жил тасралтгүй багшилж, үндэсний хөгжмөө сурталчлах, өвлүүлэх, хөгжүүлэхэд авьяас билгээ зориулсан нэгэн.

Тэрбээр олон арван хуучир хөгжимчдийг бэлтгэсэн нь эх орондоо төдийгүй хилийн чанадад ая дуугаа эгшиглүүлэн, ур чадвараа гайхуулсаар байна. Том охин зураач, урлаг судлалын ухааны доктор П.Байгаль Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн захирал, удаах охин зураач П.Батжав “Монгол арт” галерейн захирал, зураач хүү П.Бэрхээдэй нь БНХАУ-ын Нанжин хотод докторантурт суралцаж байгаа бол Америкад амьдарч буй бага хүү П.Билгүүдэй ээжийн замналаар дуу хөгжмийн салбарт мөрөө үлдээж явна. Тэд аавынхаа мэргэжлийг өвлөн, үндэснийхээ урлагийг судлах, сурталчлахад ихээхэн анхаарахын хамт аавынхаа дурсгалд зориулж олон сайхан үйл ажиллагааг санаачлан зохион байгуулснаас дурвал:

  • 1992 онд “Талын баатрууд” нэртэй уран бүтээлийн үзэсгэлэн гаргасан.
  • 1995-1996 онд Б.Пүрэвсүхийн нэрэмжит хүүхдийн зургийн уралдааныг Монгол улсын Соёлын яам, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейтэй хамтран зохион байгуулав.
  • 1998 онд төрсөн нутаг болох Төв аймгийн Баян суманд уран бүтээлийн үзэсгэлэн
  • 2004 онд ОХУ-д оюутан суралцсаны 50 жилийн ойд зориулсан үзэсгэлэн
  • 2005 онд Кино урлаг үүсч хөгжсөний 70 жилийн ойн үзэсгэлэн
  • 2008 онд Б.Пүрэвсүхийн 60 насны ойд зориулсан бие даасан үзэсгэлэнгүүдийг тус тус зохион байгуулав.
  • 2008 онд Төв аймгийн Баян сумын дунд сургууль Б.Пүрэвсүхийн нэрэмжит болжээ.
  • 2008 онд Б.Пүрэвсүх зураачийн ажиллаж амьдарч байсан байранд дурсгалын самбар босгов.
  • 2012 онд СУИС-ийн Дүрслэх урлагийн дээд сургуулийн уран зургийн ангийг түүний шавь, тэнхимийн эрхлэгч Г.Лхагвасүрэнгийн санаачлагаар зураач Б. Пүрэвсүхийн нэрэмжит урлан болгожээ.

Урлаг судлагч О. СОСОР
2022-05-16

“Болор дуран”-аар шалгав.





Source link

Leave a Reply

Your email address will not be published.