Politics

Оюутны V их наадам өндөрлөж, МУИС анх удаа тэргүүлэв


Монгол оюутны спортын V их наадам 2020 онд эхэлж, цар тахлын улмаас 2022 оны тавдугаар сарын 10-ны өдөр албан ёсоор өндөрлөлөө. Энэ удаагийн наадамд 29 их, дээд сургуулийн 1607 оюутан тамирчин, 893 дасгалжуулагч, шүүгч, зохион байгуулагч, сайн дурын ажилтан оролцож, медальтнууд тодорсон.

Багийн нэгдсэн дүнгээр доктор, профессор Б.Очирхуяг захиралтай МУИС тэргүүлж, анх удаа оюутны наадамд манлайлсан бол хоёрдугаар байрт Ардын багш, доктор, профессор Н.Ням-Осор захиралтай “Их Засаг” олон улсын их сургууль, гуравдугаар байрт М.Өсөхбаяр захиралтай “Мон-Алтиус” дээд сургуулийн баг тамирчид оржээ.

V их наадам хөлбөмбөг, сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, шатар, чөлөөт бөх, жүдо, чирлидинг, таэквондо, гандбол зэрэг спортын арван төрлөөр болов. Тэмцээнүүд “Буянт-Ухаа” спортын ордон, спортын төв ордон, футзалын ордон, “Аврагч” спортын хороо, “Оч” спорт клуб, “Зууны шатар” клуб, МУИС, ШУТИС, “Мон-Алтиус” дээд сургуулийн спорт заал зэрэг найман газар явагджээ.

Наадмыг дэмжигч байгууллагаар “Эрдэнэс-Таван толгой” ХК оролцож, мэдээллийн дэмжигч байгууллагаар News.mn болон бусад хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран ажиллав.

Наадмын хаалтын ажиллагааны үеэр Монголын оюутны спортын холбооны ЕНБД Д.Жаргалсайхан:

-Энэ удаагийн наадам Засгийн газрын тогтоолоор явагдсан учир санхүүжилт нь Биеийн тамир, спортын улсын хороогоор дамжсан. Сургуулиуд дотроо тэмцээн уралдаан явуулж, тамирчдаа сонгон, баг тамирчдынхаа зардлыг гаргасан. Их наадамдаа хичээл зүтгэл гарган оролцуулсанд бид бүхэн их баяртай байна. Бусад спортын наадмуудтай харьцуулахад цар тахлын үед болсон нь онцлог байлаа. Шигшээ тэмцээнүүдийг харахад олимп, тив дэлхийн аваргад оролцож, медаль хүртэж байсан оюутан тамирчид байлаа.

Монголын арван спортын холбоо хамтран, албаны хүмүүс, шүүгчээр хангасан. Мөн Монголын оюутны спортын холбооноос 1922 оноос эхлэн өдийг хүртэлх Монголын оюутны спортын 100 жилийн түүхтэй холбоотой ном хэвлүүлэн гаргаж, медаль авсан баг тамирчдад дурсгалаа.

Наадмын бэлгэдлийн амьтан мазаалайн чихмэлийг Хятадад захиалан, тамирчдад гардуулсан. Энэхүү наадмын хүрээнд Монгол Улсын ардын жүжигчин, “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайханаар Монгол оюутны спортын сүлд дуулал “Оюутны спорт-Универсиад наадам”  дууг зохиолгон эгшиглүүлсэн. Нийтэд нь дүгнэхэд V их наадам зорилтоо хэрэгжүүлж, оюутан залуусыг биеийн тамир, спортоор хичээллүүлж, эрүүл мэндийг нь дэмжих, ур чадварыг нь ахиулах, тив дэлхийн тэмцээнд оролцох оюутны шигшээ багийг бүрдүүллээ гэж зохион байгуулах хороо үзэж байна.

V их наадамд багийн дүнгээр тэргүүлсэн МУИС-ийн багш Л.Эрдэнэпүрэв:

-Манай сургууль оюутан залуусаа маш сайн дэмждэг. Спорт бол хүүхэд, залуусыг төлөвшүүлдэг, нийгэмд нөлөөтэй хэрэглүүр. МУИС-ийн элсэлтийн журамд ч спортын өндөр ур чадвартай ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдийг элсүүлэн авна гэж заасан байдаг. МУИС-д элссэн оюутнуудын дунд гурван үе шаттай есөн спортын төрлөөр наадам болдог. Эндээсээ сургуулийнхаа шигшээ багийг бүрдүүлдэг. Энэ баг холбоодын тэмцээн уралдаан, улсын аварга, хот, улс, тив дэлхийн тэмцээнд оролцдог. 2005 онд эхэлсэн оюутны их наадам нийтдээ таван удаа болоход манай сургууль бүтэн багаараа оролцож байсан. 2005 онд багийн дүнгээр хоёрдугаар байр, 2009 онд зургадугаар байр, 2013 онд наймдугаар байр, 2017 онд дөрөвдүгээр байр эзэлж байлаа.

Энэ жил анх удаагаа спортын 10 төрөлд бүтэн багаараа оролцож, сагсан бөмбөг, волейбол, шатар, чирлидингийн төрөлд тэргүүн байр, гандболын төрөлд хоёрдугаар байр, ширээний теннис, таэквондогийн төрөлд гуравдугаар байр, нийт 34 оноотой тэргүүн байр эзэллээ. МУИС-ийн үе үеийн удирдлагууд оюутан залуусаа үргэлж дэмжиж ирсэн. Энэ жил МУИС үүсч хөгжсөний 80 жилийн ой тохиож байна. Манай биеийн тамирын тэнхимийн багш нар, оюутнууд 80 жилийн ойдоо зориулан V их наадамдаа түрүүлж, бэлэг барьж байна. МУИС-ийн удирдлагууд наадамд оролцсон 120 оюутан, биеийн тамирын тэнхимийн багш ажилтнуудыг хүлээн авч, “Michel Amazonka”-тай хамтарсан МУИС-ийн брэнд 30 гаруй сая төгрөгийн хувцсаар урамшуулж, 10 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгосон.

ҮБТДС-ийн дэд захирал Л.Гүндэгмаа:

-Манай сургууль оюутны их наадам, улсын аваргад маш идэвхитэй оролцдог. Өмнөх дөрвөн наадамд тэргүүн байр эзэлж байлаа. Энэ удаад гурван байраар хойшилж, дөрөвдүгээр байр эзэллээ. Гэхдээ бид наадмын арван төрөлд амжилттай оролцлоо гэж хэлнэ. Спортод ялалт, ялагдал ээлжилдэг. Тамирчин, оюутнуудын хөлс хүч, хөдөлмөр, багш, дасгалжуулагч нарын ажлын үр дүн юм. Манай сургууль их наадмын хүрээнд дэлхийн оюутны олон улсын өдрөөр “Оюутны наадмын эрдэм шинжилгээний онол практикийн хурал” зохион байгуулсан. Судлаач оюутнууд өөрсдийн судалгааны үр дүн, тулгамдаж буй асуудал, гарц гаргалгааг ярилцаж, сайхан хурал болсон.

ШУТИС-ийн багш М.Бат-Очир:

-Энэ удаагийн универсиадын хүрээнд манай сургууль анхан шатны спортын зургаан тэмцээнээ зохион байгуулсан. Нийт мянга гаруй тамирчин оролцсон. Шалгарсан тамирчдаа их наадамд оролцуулсан. Бид оюутны их наадам, улсын аваргад тогтмол эхний гурван байрт шалгардаг уламжлалтай. Энэ удаад хоёр байраар ухарч, тавдугаар байр эзэллээ. ШУТИС-ийн шилдэг 200 тамирчин наадамд өрсөлдсөн. Наадмын гол зорилго нийт оюутнуудад спортын хүмүүнлэг мөн чанарыг ойлгуулж, спорт бол бие бялдар, эрүүл мэнд, ёс зүй, төлөвшил, хүмүүжил олгодог гэдгийг харууллаа. Мөн өрсөлдөөн ширүүн байсныг багуудын тоо, амжилтаас харж болно. Бид дараагийн наадамдаа илүү их амжилт үзүүлнэ.

“Мон-Алтиус” дээд сургуулийн төлөөлөл:

-Мон Алтиус”-ын баг тамирчид анхны тэмцээнээс хойш тасралтгүй оролцож, шагналт байрт шалгарч байлаа. Харин энэ удаад гуравдугаар байрт орлоо. Үүнд баяртай байна. Манай сургууль 1997 онд байгуулагдсан. Түүхт 25 жилийнхээ ой дээр их наадмынхаа гуравдугаар байрт орсонд тун баяртай байна. Баг тамирчдаа бэлтгэн оролцуулахад дэмжин тусалсан сургуулийнхаа удирдлагууд, захирлууд, тэнхимийнхэндээ талархлаа илэрхийлмээр байна. Бид анхны наадамд зургадугаар байр, 2009 онд тавдугаар байр, 2013 болон 2017 онуудад дөрөвдүгээр байрт орж байлаа. Ийнхүү 2022 оны наадамдаа 180 гаруй оюутан тамирчин оролцлоо. Энэ тэмцээнийг зохион байгуулсан бүхий л хүмүүстээ талархал илэрхийлье.

Монголын оюутны спортын V наадамд шалгарсан их, дээд сургуулиуд болон оюутан тамирчдад нийт 46 сая төгрөгийн мөнгөн урамшууллыг наадмын Зохион байгуулах хорооноос олгосон байна.

Ийнхүү Монголын оюутны спортын V наадамд 2020 болон 2022 онд дамжин амжилттай зохион байгуулагдаж, олон их, дээд сургуулийн багш, оюутан, хөгжөөн дэмжигч, үзэгчид, зохион байгуулагч, шүүгч нар оролцлоо. Монголын оюутны спортын V наадмын Зохион байгуулах хороо, БШУЯ, БТСУХ, МҮОХ, Монголын оюутны спортын холбоо, Монголын оюутны холбоо, “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нийт оюутан тамирчдадаа аз жаргал, эрүүл энх, сайн сайхан, сурлага, спортын өндөр амжилт хүсэн, хоёр жилийн дараа эргэн уулзахын өлзийтэй ерөөл дэвшүүлснээр энэхүү наадам өндөрлөсөн юм.

“Болор дуран”-аар шалгав.





Source link

Leave a Reply

Your email address will not be published.