Politics

Нийгмийн хандлага, орчны саад биднийг ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ болгодог



Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Монгол Улсад 108 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Тэд энэ өдөр тулгамдсан асуудлаа ярилцаж, түүнийг шийдэх гарц гаргалгаагаа хайдаг юм. Тэгвэл бид тэргэнцэртэй иргэдийн хүртээмжтэй орчин хэр байгаа талаар Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны тэргүүн Б.Чулуунболортой ярилцлаа.

-Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ээлтэй орчин бий юу. Ажил, нийгмийн харилцаанд ороход хэр хүндрэлтэй вэ?

-Хангалттай биш. Гудамж талбайгаар чөлөөтэй зорчиж чадахгүй байна. Нийтийн тээврийг ашиглаж чадахгүй байна. Ажилд орох гэхээр дэд бүтцийн байдлаасаа болж  ажлаа хийж чадахгүй байна. Хүссэн сургуульдаа сурч чадахгүй байна. Тэгэхээр нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхцөл байдал тийм сайн биш гэж хэлнэ. 

-Гэхдээ жилээс жилд ээлтэй болгоход ажил хийж байгаа байх. Хүртээмжтэй үйлчилдэг төрийн болон төрийн бус байгууллага бий юу?

-2017-2018 оноос хойш баригдаж байгаа барилгууд хүртээмжтэй болж байгаа. Бизнес үйлчилгээний байгууллагууд ч хүртээмжийн асуудалд санаа тавьж байгаа. Миний хувьд өдөр тутамдаа и-мартаар үйлчлүүлэх дуртай, дүнжингарав ч бас саадгүй байдаг.

-Таны хувьд ажилтай учраас гадуур гарах хэрэгцээ шаардлага их байдаг байх. Хүндрэлтэй зүйл юу байдаг вэ?

-Би ажлынхаа хажуугаар хүүхдүүддээ ээжийн үүргийг гүйцэтгэдэг. Тэгэхээр гадуур явах хэрэгцээ маш их шүү дээ. Надад хамгийн их тулгамддаг асуудал бол нийтийн тээврийн асуудал байдаг. Жишээлбэл, би энэ хуралд ирэхийн тулд таксигаар ирсэн. Буцаад таксигаар явна.

Хөгжлийн бэрхшээлийг үүсгэдэг хоёр зүйл байдаг. Нэгдүгээрт орчны саад, хоёрдугаарт нийгмийн хандлага. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудлыг шийдэхдээ тэд нарыг эдгээнэ, эсвэл халамжийг нь нэмэх тухай асуудал огтоос биш. Харин түүний оронд орчных нь саадыг багасгах. Мөн тэдэнд гаргаж байгаа нийгмийн хандлагыг эерэг зөв болгох хэрэгтэй. 

-Нийтийн тээврийн хүртээмжгүйгээс таксигаар ажилдаа ирж очдог гэж байна. Нэг ч удаа автобусанд сууж байгаагүй юу?

-Үзээгүй шүү дээ. Автобусанд суух гэхээр тэргэнцэр маань орох боломжгүй байдаг. Баганад нь тулчихдаг. Тэгээд өргүүлж оруулна гэдэг чинь маш хэцүү. Яахав Улаанбаатар хотод хүртээмжтэй автобус байгаа л даа. 5 шараас офицерын чиглэлд. Гэхдээ энэ нь миний ажил болон гэртээ уялддаггүй учраас би тэр автобусанд суудаггүй. Зарим шийдвэр гаргагчид биднийг аль чиглэлээр түлхүү явахаар байна гэж асуудаг. Тэгэхээр бид аль хэсгээр их явахаа тодорхойлох боломжгүй шүү дээ. Тиймээс нийтийн тээврийн чиглэл бүрт л хүртээмжтэй байгаасай гэж хүсч байна. Үүнийг шийдвэрлэснээр зөвхөн миний асуудал шийдэгдэхгүй, хүн бүрт хамаатай юм.

-Таксигаар үйлчлүүлэхэд ч хүндрэлтэй зүйл олон бий. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэр бүлийнхэнтэйгээ эсвэл гэрээс гарахгүй гэсэн шийдвэрт хүрдэг. Танд хүндрэл тулгарч байв уу?

-Би нэг хөгжилтэй түүх хуваалцъя. Түгжрэлтэй өдөр нэг залуу бүсгүй, эмээ, бид гурав зам дээр такси барихаар дараалж зогссон юм. Гэтэл хамгийн эхэнд залуу охиныг аваад, дараа нь эмээг аваад тэгээд би үлдсэн байдаг юм. Ер нь бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг такси авах дургүй байдаг. Нэгдүгээрт яаж энэ хүнийг суулгах юм бол гэж боддог. Аргазүй техник мэдэхгүй болохоор. Нөгөөтээгүүр яаж тэргэнцрийг нь ачих вэ дээ гэж төвөгшөөдөг. Тэгэхээр л бид нийтийн тээврийн зориулагдсан үйлчилгээг авмаар байгаа юм.



Source link

Leave a Reply

Your email address will not be published.