Politics

Израиль агаарын довтолгооноос хамгаалах лазерын систем амжилттай туршчээ


Израилийн Батлан ​​хамгаалах яамны Шинжлэх ухаан-судалгаа, хөгжүүлэлтийн газар (R&D) болон “Rafael” компани хамтран хэт хүчтэй лазерын цуврал туршилтыг амжилттай хийж дуусгажээ. Энэ тухай өнгөрсөн Пүрэв гаригт тус улсын Батлан ​​хамгаалах яамны хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.

Туршилтын үеэр байлдааны лазер нь нисэгчгүй нисэх төхөөрөмж, миномётын сум, пуужин, танк эсэргүүцэгч зэрэг байд амжилттай туссан байна. Энэхүү туршилт нь Израиль улс ирээдүйд газар, агаарт суурилсан лазерын системээр зэвсэглэх төлөвлөгөөний эхний шат ажээ. Системийн гол хөгжүүлэгч нь “Rafael” бөгөөд “Elbit Systems” компанитай хамтран ажилладаг байна.

Израилийн Батлан ​​хамгаалахын сайд Бенни Ганц “Өнөөдөр Израилийн үйлдвэрлэсэн хүнд даацын лазерын систем төрөл бүрийн байг амжилттай амдан сөнөөж, дэлхийн хэмжээний нээлт боллоо. Бидний зорилго тус системийг аль болох хурдан зэвсэглэлд нэвтрүүлэх бөгөөд энэ нь үр дүнтэй, хямд, шинэлэг хамгаалалтын хэрэгсэлтэй болох боломж юм” гэж хэлжээ.

Тус улсын Батлан хамгаалах яамны R&D хэлтсийн дарга Янив Ротемын хэлснээр, дараагийн алхам нь тус системийг хөгжүүлэх бөгөөд Израилийн эрх баригчдын төлөвлөгөө дагуу ойрын арван жилд тус улсын хилийн дагуу хэд хэдэн лазерын систем байрлуулах явдал аж.

Израилын Ерөнхий сайд Нафтали Беннетт өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нд тус улсын арми тус системийг улсынхаа өмнөд хэсэгт туршсаны дараа нэг жилийн дотор зэвсэглэлдээ бүрэн нэвтрүүлнэ гэж мэдэгджээ.

Израилийн Батлан ​​хамгаалах яам өнгөрсөн 2021 оны зургадугаар сард агаарын өндөр хүчин чадалтай лазер зэвсгийн системийн (HPL-WS) эхний цуврал туршилтыг хийж, тус систем янз бүрийн зай, нислэгийн өндөрт хэд хэдэн нисгэгчгүй онгоцыг саатуулж чадсаныг зарлаж байв. Энэхүү лазер зэвсэг нь Израилийн пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах олон давхаргат системийг нөхөх ёстой бөгөөд үүнд “Төмөр бөмбөг”, “Давид дүүгүүр”, “Хетц” (сум) системүүд багтдаг байна.

Эх сурвалж: TIMESODISRAIL, TASS, UNIAN, MK

“Болор дуран”-аар шалгав.





Source link

Leave a Reply

Your email address will not be published.