Politics

Жилд 60-70 мянган ширхэг модны суулгац ургуулан, нийлүүлэх боломжтой


Ховд /МОНЦАМЭ/. Ховдын гавьяатууд мод үржүүлэг, ойжуулалтын боловсон хүчин бэлтгэх, арга туршлагын сургалт явуулж, тарьц суулгацын нөөцөөр хангах боломжтой гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.

“Ховд сафари” ХХК нь 1997 онд байгуулагдан, улиас бургас, хайлаас, үхрийн нүд, чацаргана зэрэг модны тарьц, суулгац жилд 15.0-20.0 мянган ширхэгийг ургуулж, ойн зурвас, ойжуулалт, ногоон байгууламж, уул уурхайн нөхөн сэргээлтэд нийлүүлж байна.

Тус компанийн захирал, Байгаль орчны гавъяат ажилтан Б.Лхамжав: “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд үр тарьц, суулгацын нөөц бүрдүүлэх, олон жил мод үржүүлгийн үйл ажиллагаа эрхэлж ирсэн туршлага дээр тулгуурлан, орон нутагтаа энэ чиглэлээр сургалт, нөлөөллийн болон мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллах боломжтой. Мөн өөрийн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаагаа өргөжүүлж, жилд 60.0-70.0 мянган ширхэг мод, сөөгний тарьц, суулгац ургуулах боломжтой гэж ярив.

Харин “Үр жимс” хоршоо нь 1999 онд байгуулагдсан. 11 га мод үржүүлгийн газарт алим, үхрийн нүд, чацаргана, улиас, хайлаас, бургас зэрэг 10 гаруй төрлийн модны тарьц, суулгацыг жилд 10.0-20.0 мянган ширхэгийг ургуулж, ойн зурвас байгуулах, ойжуулалт, ногоон байгууламжид нийлүүлдэг талаар Байгаль орчны гавъяат ажилтан, ойн аж ахуйн инженер Д.Цэндсүрэн хэллээ. Мөн тус хоршоо нь “Ховд чацаргана” үйлдвэр байгууулж, чацарганы цэвэр шүүс, өтгөрүүлсэн шүүс, чацарганы тос, варень зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд хоршооны мод үржүүлгийн газрын үйл ажиллагааг механикжуулах замаар жилд 70.0-80.0 мянган ширхэг тарьц, суулгац ургуулан, Ховд аймгийнхаа нутагт 20.0 сая мод тарих ажилд хувь нэмрээ оруулах боломжтой аж.

Дээрх хоёр аж ахуйн нэгж “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод үржүүлэг, ойжуулалтын ажлыг механикжуулахад онцгой анхаарах шаардлагатай байгаа талаар Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндоржид санал уламжиллаа. Мөн трактор, тоног төхөөрөмж, усан хангамжийг сайжруулах, худаг гаргахад тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэхийг хүсчээ.





Source link

Leave a Reply

Your email address will not be published.