Politics

БНАСАУ Япон тэнгис рүү пуужин харважээ || DNN.mn


БНАСАУ Япон тэнгис рүү баллистик бололтой пуужин харвалаа гэж Японы Батлан хамгаалах яам мэдээлэв.

Пуужин тэнгист унасан болохыг тэмдэглэсэн байна. Японы эргийн хамгаалалтын албаныхан тухайн бүсэд байгаа хөлөг онгоцуудад пуужингийн хэлтэрхийд ойртохгүй анхааруулжээ. Тус улсын Засгийн газрын дэргэд пуужин харвасан талаар мэдээлэл цуглуулах шуурхай штаб байгуулсан байна.

Пуужин харвасан тухай мэдээллийг БНСУ-ын Штабуудын дарга нарын хороо мөн нотолжээ.

Тус хорооноос мэдээлснээр, БНАСАУ-ын нийслэл Пёньян хотын Сунан дүүргээс өглөөний 07 цаг 52 минутад нэг пуужин харвасан байна. Өмнөд Солонгосын цэргийнхэн одоогоор пуужингийн тусгал, нислэгийн хурд, өндөрт дүн шинжилгээ хийж байгаа аж.

Харин Японы Батлан хамгаалахын сайд Киши Нобуо мэдэгдэхдээ, пуужин 300 орчим км нисэж, Япон тэнгист унасан гэжээ.

“Өнөө өглөө Умард Солонгос Пёньяны дүүргээс Япон тэнгис рүү баллистик пуужин харвасан. Пуужин 300 орчим км ниссэн бөгөөд нислэгийн дээд өндөр нь 600 км байсан” гэж тэрбээр мэдэгдсэн байна. Пуужин харвасны улмаас усан онгоц болон нисэх онгоцуудад ямар нэгэн хохирол учраагүй гэдгийг Киши баталжээ.

Сайдын хэлснээр, Япон улс мөн пуужин харвасантай холбогдуулан “БНАСАУ-д дипломат шугамаар эсэргүүцэл илэрхийлсэн байна”.

“Kyodo” агентлагийн мэдээлснээр, пуужин Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унажээ.

Пёньян пуужин харвасантай холбогдуулан БНСУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл байнгын гишүүдийн яаралтай хуралдааныг зарлалаа гэж “Yonhap” агентлаг мэдээлэв.

Хурлыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын Үндэсний аюулгүй байдлын газрын дарга Со Хун даргалж байгаа бөгөөд харин БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин хуралд оролцоогүй байна. Хурал 09:00 цаг орчимд эхэлжээ.

БНАСАУ он гарснаас хойш найм дахь удаагаа пуужин харвасан нь энэ юм.





Source link

Leave a Reply

Your email address will not be published.