Politics

Барилгын компаниудад үнийн хөөрөгдөл хүндээр тусч байна


Барилгын материалын үнэ ханш сүүлийн хоёр жил тасралтгүй өсч байгаа нь энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд хүндээр тусч буй. Тухайлбал, томоохон төслүүд хэрэгжүүлэгч барилгын компаниудад барилгын материалын үнийн өсөлт, хүний нөөцийн хомсдол зэрэг олон асуудал тулгарчээ. Тиймээс барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудад ямар хүндрэл бэрхшээл тулгарч буй талаар сурвалжиллаа.

ТОМООХОН ТӨСЛҮҮДИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ТОГТВОРТОЙ БАЙДАЛ ХАМГИЙН ЧУХАЛ

Цар тахлаас шалтгаалсан бараа материалын хомсдол, үнийн хэт хөөрөгдөл, хил гаалийн гацааны улмаас барилгын салбарын үйл ажиллагаа удаан хугацаанд дээсэн дөрөөн дээр байсан. Одоо ч төдийлөн сайжраагүй бөгөөд үүнд анхаарах цаг болсон талаар барилгачдын холбоод, аж ахуйн нэгжүүд Барилга, хот байгуулалтын яаманд удаа дараа санал, хүсэлтээ илэрхийлжээ. Тиймээс бид томоохон төслүүд хэрэгжүүлэгч компаниудтай холбогдож мэдээлэл авлаа.

Үндэсний бүтээн байгуулалтын корпорацид хамаарах барилга угсралтын ажил гүйцэтгэгч гурван аж ахуйн нэгжээс “Томоохон төсөл хэрэгжүүлэхэд тогтвортой байдал хамгийн чухал” гэв.

Мөн ямар асуудал тулгамдаж байгаа талаар асуухад “Барилга барихад суурь судалгаа, тооцоолол, архитектураас гадна хүний нөөц зэрэг асуудал тулгардаг. Чанартай бүтээн байгуулалт хийхэд гол нь барилгын материал чухал. Иргэдийн хэлж байгаагаар дотоодоос бүтээгдэхүүнээ татан авч, үйлдвэрлэлд ашиглавал мэдээж зардлын хувьд хямд тусна. Гэвч дотоодын бүтээгдэхүүн импортын бараа, материалыг орлож чаддаггүй. Тиймээс бараа, материалын татан авалтыг хил гаалиар чөлөөтэй нэвтрүүлэх шаардлагатай байна. Мөн үнийн өсөлтөд тодорхой хэмжээнд зохицуулалт хийх хэрэгтэй гэж үзэж байна” гэсэн юм.

 

 

 

 

УЛСЫН ТӨСВӨӨР АЖИЛ ГҮЙЦЭТГЭСЭН КОМПАНИЙН 97 ХУВЬ НЬ АЛДАГДАЛ ХҮЛЭЭСЭН

Эдийн засгийн хүндрэл үүсч, иргэдийн амьжиргааны түвшин буурсан. Үүнтэй холбоотойгоор барилгын ажил явуулахад багагүй бэрхшээл тулгарч буй аж. Тиймээс компаниудын төлөөлөл үнийн өсөлтийг шийдвэрлэж, улсын төсөвт дахин тодотгол хийхийг хүсч байна.

Компаниудын төлөөлөл хэлэхдээ “Монгол Улсын барилгын салбарт ажиллаж буй 8000 орчим аж ахуйн нэгж, 150 мянга гаруй иргэний эрх ашиг зөрчигдөж байна. Нийт 21 аймаг, есөн дүүргийн хэмжээнд улсын төсвөөр баригдаж буй барилгын компаниудын зүгээс үнийн өсөлтийг шийдвэрлэх талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан нарт шаардлага хүргүүлсэн. Одоогоор ямар нэгэн хариу тайлбар өгөөгүй байна. Хугацаатай шаардлага хүргүүлсэн бөгөөд тайлбар өгөхгүй хэвээр байвал суулт зарлахаар төлөвлөж байна” гэв.

Мөн барилгын компаниуд 2021-2022 онд улсын төсвөөр хийгдэж буй ажлын цалин хөлс, үнэлэмжийг нэмж өгөхийг хүссэн юм. Тэд “Хоёр яамны буруугаас болж барилгын салбар уналтад орж байгаа тул Засгийн газар яаралтай энэ асуудлыг анхааралдаа авч, хариу арга хэмжээ авч өгөх хэрэгтэй” гэв.

Өнөөдрийн байдлаар гүйцэтгэгч компаниуд эмнэлэг, сургууль, соёлын төв, нутгийн удирдлагын ордон барихад 600 тэрбум гаруй төгрөгийн алдагдал хүлээжээ. Өнгөрсөн жил улсын төсвөөр ажил гүйцэтгэсэн компанийн 97 хувь нь алдагдалд орсон байна. Тиймээс тэдгээр компаниуд алдагдлаа нөхүүлэх шаардлага өнгөрсөн сард хүргүүлжээ.

ОЛДОЦ ХОВОРДОЖ, ҮНЭ ХӨӨРӨГДСӨН ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ БАРИЛГЫН МАТЕРИАЛУУД

Энэ сарын 28-нд болох “Барилга экспо”-д оролцогч байгууллагуудаас бараа материалын үнэ өсөхөд юу нөлөөлж байгаа талаар тодрууллаа. Зах зээл дээр худалдаалагдаж байгаа барилгын салбарын бүтээгдэхүүнийг аж ахуйн нэгжээр ангилж үзвэл барилгын багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, засал чимэглэл, хүнд машин механизм, барилгын материалын компаниуд багтана. Мөн үүнээс гадна зураг төсөл, интерьер, экстерьер дизайн, зураг төсөл, геодези, барилгын гадна тохижилт зэрэг хамаарна.

Энэ бүгдээс харвал орон сууцны үнэ нэмэгдэхэд зөвхөн барилгын материалын үнэ гол хувийг эзэлдэггүй. Дээрх бүх нэгж, бүтээгдэхүүн, үйлчилгээнээс шалтгаалж барилгын үнэ нэмэгджээ.

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт сүүлийн хоёр жил цар тахлаас шалтгаалж орон сууцны үнэ тогтмол нэмэгдсэн. Хэдийгээр хил гаалиар барилгын материал нэвтрүүлж байгаа ч үнийн хөөсрөл огт арилахгүй байгаа юм. Тухайлбал, барилгын гол нэрийн бараа тасалдал үүссэн нэрийдлээр үнэ нь огцом өсчээ. Үүнд:

  • Хар, цагаан замаска – 20 кг савлагаатай нь 14-23 мянга, задгайгаар 8-12 мянган төгрөг
  • Будаг – Литрийн савлагаатай нь улсаас шалтгаалж 5-18 мянган төгрөг
  • Хар цаас – Нимгэн, зузаан чулуутай эсэхээс хамаарч 50-65 мянга
  • Шилэн хөвөн – Хятад 40-48, Орос 95-110 мянган төгрөг
  • Цемент – тонн нь 220-310 мянган төгрөг
  • Шахдаг хөөс – куб нь 240-320 мянга
  • Булан тор – 28-32 мянган төгрөг байгаа юм. Эдгээр материалын үнэ одоогоос гурван сарын өмнө 3-40 мянган төгрөгөөр хямд байжээ.

Энэ нь 100 айл, Барилга 44, гурвалжингийн гүүрний барилгын материалын захад зарагдаж буй үнэ. Эдгээрээс харахад жижиглэнгийн ханш тогтмол өсч байгаа нөхцөлд аж ахуйн нэгжүүд төсөл хэрэгжүүлэхэд санхүүгийн хүндрэл үүсэх нь тодорхой. Мөн барилгын гол материал болох цемент, арматур, бетон зуурмаг, барилгын дулаалгын материалын үнэ 2020-2021 оны арваннэгдүгээр сар хүртэл өсөлттэй байсан юм. Он гарснаас хойш үнэ нь харьцангуй тогтворжиж эхэлжээ. Үүнтэй холбоотойгоор дүүргүүдэд шинээр баригдаж буй орон сууцны метр квадратын үнэ ч буурч эхэлсэн байна. Тодруулбал:

  • Хан-Уул дүүрэгт байрлах энгийн болон бизнес зэрэглэлийн орон сууц – 1.9-5.6 сая
  • Сүхбаатар дүүрэгт байрлах гэр хорооллын дахин төлөвлөлт, А бүсэд байрлалтай байр – 1.8-3.6 сая
  • Баянзүрх дүүрэгт байршилтай орон сууц – 1.5-3.8 сая
  • Баянгол дүүрэгт – 1.8-3.3 сая
  • Чингэлтэй дүүрэгт – 1.7-3.1 сая
  • Сонгинохайрхан дүүрэгт – 1.5-2.8 сая төгрөгийн хооронд байна.
  • Эдгээр нь шинээр баригдаж байгаа орон сууцны дундаж үнийн судалгаа.
  • Харин хуучин орон сууцны үнэ дунджаар 2.3-2.9 сая төгрөг байна.

Бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болон импортлогч компаниудын төлөөллийн хэлж байгаагаар, барилгын салбарт цаашид хүний нөөц, ажиллах хүч дутагдалтай. Бараа материалын үнэ өссөөр байвал одоо хэрэгжиж буй томоохон төслүүд бүгд зогсох эрсдэлтэй ажээ.

“Болор дуран”-аар шалгав.





Source link

Leave a Reply

Your email address will not be published.