Politics

АНУ-д ялын дээд хэмжээ сонссон хоригдол цаазлуулах аргаа өөрөө сонгожээ DNN.mn


АНУ-ын Өмнөд Каролина мужийн шоронгийн хоригдол цаазлуулах аргаа өөрөө сонгохоор болсныг Баасан гарагт гарсан шүүхийн шийдвэрт өгүүлжээ.

Одоо 57 настай Ричард Бернард Мүүр хүн амины хэрэгтээ цаазын ял сонсоод хорь гаруй жил хоригдож байгаа юм байна.

Тэрбээр 1999 онд Спартанбург хотын нэгэн дэлгүүрийн ажилтны амийг хөнөөж байжээ.

Эхлээд Өмнөд Каролинагийн шоронгийн захиргаа 2020 онд түүний судсанд үхлийн тариа шахах замаар цаазлахаар төлөвлөж байсан юм. Гэвч хүний эрхийн асуудлаас болоод эм үйлдвэрлэгч компаниуд үүнд ашигладаг тариаг шоронд нийлүүлэхээс татгалзсан тул өөр арга хэрэглэх шаардлагатай болжээ.

Ингээр Мүүрийг цахилгаан сандалд суулгахаар болсон байна.

Гэвч хоригдол үүнийг эрс эсэргүүцэж, оронд нь буудуулах хүсэлтийг Өмнөд Каролинагийн дээд шүүхэд гаргасан юм.

Шүүх түүний хүсэлтийг хүлээн авч, дөрөвдүгээр сарын 29-ний өдөр цаазыг гүйцэтгэхээр болжээ.

Шүүхээс гаргасан шийдвэрийн дагуу сайн дурын үндсэн дээр сонгогдсон шоронгийн гурван ажилтан тус тусын буугаа хоригдлын зүрхэнд чиглүүлж, гохоо зэрэг дарах ёстой юм байна.

“Энэхүү хоёр аргын нэгийг сонгож цаазлуулахаас өөр сонголт надад үлдсэнгүй. Би шийдвэрийг давж заалдах бодолгүй байна” гэж хоригдол Мүүрийн мэдэгдэлд өгүүлжээ.

Харин түүний өмгөөлөгч шоронгийн захиргаа үхлийн тариа олж авахад хангалттай хүчин чармайлт гаргаагүйг шүүмжлээд үйлчлүүлэгч нь илүү харгис хоёр аргаас өөр сонголтгүй болсонд харамсаж байгаагаа илэрхийлсэн байна.

Өмнөд Каролина одоогоор цаазын ялд цахилгаан сандал хэрэглэдэг АНУ-ын найман мужийн нэг юм. Мөн буудах арга хэрэглэдэг дөрвөн мужийн нэг болоод байна.

1976 оноос хойш АНУ даяар ердөө дөрвөн тохиолдолд буудах арга хэрэглэж байжээ. Хамгийн сүүлд 2010 онд Юта мужийн шоронд хоригдлыг цаазлахдаа буудах арга хэрэглэсэн байна.

Өмнөд Каролина мужийн хувьд хамгийн сүүлд 2011 онд цаазын ял гүйцэтгэж байжээ.





Source link

Leave a Reply

Your email address will not be published.