Politics

Австралийн хот суурин усанд живлээ


Австралийн зүүн эрэгт өнөөдөр /2022.02.28/ хүчтэй аадар бороо орсны улмаас хот суурин усанд живлээ. Оршин суугчид үерийн уснаас зугтан байшингийнхаа дээвэр дээр гарч, эрх баригчид олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлэх тушаал гаргав.

Аадар бороо Пүрэв гаригаас эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар есөн хүн амиа алдаад байна. Мөн дөрвөн хүн сураггүй алга болсон гэж аврах багийнхан мэдэгдлээ. Амиа алдагсдын ихэнх нь үерт автсан замыг явганаар эсвэл тээврийн хэрэгслээр хөндлөн гарах гэж оролдсон байна.

Ерөнхий сайд Скотт Моррисон урьд өмнө хэзээ ч орж байгаагүй энэ аадар бороог “цаг агаарын тэсрэх бөмбөг” гэж нэрлэсэн бөгөөд аврах болон сэргээн босгох ажиллагааг явуулахын тулд үерт нэрвэгдсэн бүс нутгуудад батлан ​​хамгаалахын ажилтнуудыг байрлуулна гэж мэдэгдэв. Цахим мэдээллийн хэрэгслүүдээр элдэв хог хаягдал, завь, тэр байтугай машинууд зам дагуу хөвж явааг харуулжээ.

Австралийн гурав дахь том хот болох Куинслэндийн Брисбен гол үерлэж, хэд хэдэн гудамж үерт автаад байна. Лисмор хотод орших Вилсонс голын усны түвшин 14.2 метр хүрсэн нь 1954 онд бүртгэгдсэн оргил хэмжээнээс давж болзошгүй үзүүлэлт юм. Тус хотын дарга Стив Криг 300 мянга орчим оршин суугчдыг гэр орноо нэн даруй орхихыг уриаллаа. Айлуудын байшин ердөө хоёрхон цагийн дотор усанд автаж, хүмүүс нь дүрвэжээ.

Тасралтгүй аадар борооны улмаас хэд хэдэн бүс нутагт нэг өдрийн дотор нэг сар, нэг жилд ордгоосоо ч илүү бороо оржээ. “Suncorp” даатгалын компани өнөөдрийн байдлаар үерийн улмаас 5000 гаруй нэхэмжлэл хүлээн авсан бөгөөд хохирлын хэмжээ ойролцоогоор 54 сая ам.доллар гэж тооцоолсон байна.

Эх сурвалж: REUTERS

“Болор дуран”-аар шалгав.





Source link

Leave a Reply

Your email address will not be published.